Тайлбарлаж болохгүй зүйлсэд би бага байхын дурладаг байв. Өмнө өгүүлсэн нууцлаг эмэгийн тухай түүхийг бичсэн минь ч үүнтэй холбоотой. Үргэлжлүүлээд өөрийнхөө бага насны тухай түүх бичихээр шийдлээ. Одоо бодоход их сонирхолтой амьдралыг туулсандаа би өөрийгөө азтай гэж боддог. Түүхийг минь уншаад итгэх эсвэл зохиогоод биччихэж гэж бодох эсэх нь таны хэрэг.
Түүхийн эхлэлийг би санадаггүй учир хамаатан, гэрийнхэний ярианд үндэслэж бичье. Би төрөхдөө тархины даралттай төрсөн гэдэг. Тухайн үед эмч нар ээжийг маань их өрөвдөж, хүүхэд нь хүн болохгүй дээ гэцгээдэг байжээ. Шөнө бараг унтдаггүй, зовиурлаж уйлдаг бяцхан жаал гэртээ гарсан өдрөө ер уйлдаггүй, өдөржин шөнөжин унтах болсон юм гэсэн. Заримдаа ээж маань санаа нь зовниод унтаж байхад минь миний зүрхийг чагнадаг байсан гэдэг. Шинэ хүнийг харсан хамаатны улс цөм Ухаа лам эргээд иржээ гэлцэх болж. (Ухаа лам гэгчийн тухай товч өгүүлбэл... Миний эмээ, өвөө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяа. Эмээгийн талд Ухаа лам гэж нутаг усандаа алдартай номд гаршсан нэгэн лам хүн байжээ. Нутгийн хүн бүр очиж засал хийлгэнэ. Хожим насныхаа эцэст мориноос унаж өөд болсон гэж нутгийн улс яридаг ажээ.) Миний багын дүр төрх, үйлдэл, суух, хоол идэх нь хүртэл Ухаа лам гэгчтэй этгээд адилхан байсан гэж эмээ маань яридаг юм. Багадаа гэрийнхэнтэй Гандан хийд ороход, учир мэдэхгүй жаахан хүүхэд атлаа сувраганд мөргөөд залбираад зогсчихдог, ээж маань арга ядаад өргөөд авж явдаг байсан гэдэг.
Энэ хэсгээс хойшхи явдалыг би бүдэг бадаг санадаг юм. Лавтай уулзсан ахмад настай хамаатан бүр намайг нэрээр минь дуудахын оронд Ухаа ламаа гэж хочилно. Сүүлдээ ч энэ нэрэнд дассан байв. Дөрөв эсвэл таван настай байсан байх. Би шөнө хий юм харж, айж чичирч хонодог болов. Тэр бүрт ээж маань галд давс цацаж ширэглэнэ. Нэг хэсэгтээ гэр дотор явах хүмүүс сарниж алга болох ч хэсэг хугацааны дараа эргээд л суух нь сууж, зарим нь ор тойроод зогсож байдаг байв. Жаахан хүүхэд байтугай нас биед хүрсэн хүн ч айх байсан биз. Ямартай ч тухайн үед өөрийн мэдэлгүй айж дагжин чичирдэг байв. Маргааш өдрөөс нь эхэлж олон удаа сүм хийд явж, лам дээр очиж ном уншуулсан ч өнөөх хүмүүс шөнө бүр харагдсан хэвээр байв.
Энэ түүхтэй холбоотой бас нэг хүн бол ээж эмээ хоёрын маань нэрийг нь цээрлээд дурсдаггүй, "хойно байдаг хөгшин" гэгч лам, бөөгийн аль нь болох нь тодорхойгүй өвгөн. Манай гэрийнхэнд их олон удаа тус хүргэж байсан гэж гэрийнхэн маань яридаг юм. Ямар зан үйл хийж хэргийг нь бүтээдэгийг хэн ч мэдэхгүй. Хойно байдаг хөгшин дээр очоод учираа хэлэхээр "За ойлголоо, явж бай" гээд л буцаадаг байсан гэдэг. Тэр хөгшиний тухай олон сонирхолтой түүхийг эмээ маань надад яриж өгсөн. Гэхдээ энэ сэдэвтэй минь холбоогүй учир түр хойш тавья.
Лам хувраг дээр очиж олон засал хийлгэсэн ч нэмэр болоогүй учир арга ядаад өнөөх хөгшин дээр эмээ, ээж хоёр маань очитол "Урд насандаа их буян үйлдсэн лам хүний сүнс байна. Урд насны садан хүмүүс нь буян гуйж ирээд байгаа юм байна. Нохой, шувуу хооллож буян үйлд" гэснээс өөр зүйл хэлэлгүй явуулсан гэсэн. Маргаашнаас нь хэд хоног дараалж Гандан орж тагтаа хооллосоны эцэст гэр дотор холхих танихгүй хүмүүсийг дахиж хараагүй. Хойд айлын хөгшин өвөө чухам ямар зан үйл хийсэнг одоо хүртэл хэн ч мэдэхгүй. Тэр өвөөтэй би амьдралдаа нэг ч удаа уулзаагүйдээ харамсдаг. Мөн заримдаа бусдын хичээгээд ч харахгүйг харах байсан хувь заяагаа өөрчилсөндөө харамсдаг.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: