2 сарын өмнө анх удаагаа 800 км газар тасралтгүй автобусаар явлаа. Өглөөнөөс шөнө хүртэл... Хот хоорондын зорчих тээврийн автобусанд эвтэйхэн байрлалд суухад азтай эсвэл овсгоотой сэргэлэн байх хэрэгтэй бололтой. Хааны суудлын төлөө булаацалдаж байгаа адил бужигнаан болно. Харин тэр өдөр миний хувьд азтай байж хаалганы хажуугийн сэрүүхэн суудалд суув. Гэсэн ч удалгүй сайн хүн болж 2 ихэр хүүхэд тэвэрсэн эмэгтэйтэй суудлаа солиод нэлээн өндөр настай эмээгийн хажууд, дугуйны дээх нь талд суух болов. Суудлаа бодол сарнихаар их донсолгоотой суудалтай солисондоо эхэндээ бага зэрэг харамсав. Хүн надтай дугарахгүй л бол би хүнтэй дугардаггүй учир хотоос гараад нэлээн явтал би хэнтэй ч үг солисонгүй. Хотоос гармагц хажууд суух эмээ цүнхээ уудалж байгаад таглаатай жижигхэн аягатай сүү гаргаж ирээд амандаа тарни уншин, хэсэг хугацаа өнгөрөх тутам эцсийн амисгаагаа гаргаж байгаа аятай сүүрүүгээ үлээнэ. Би уйдаж байсан учир сүүлдээ дотроо 10 хүртэл тоолон, эмээгийн сүүгээ аравнайлах мөчлөгийг нь тааварлахийг хичээн, өөрөө өөртэйгээ тоглож эхлэв. Таачихвал баярлаж, таахгүй бол дотроо шар гозойсоор явтал зам нэлээд хорогджээ. Өнөөх эмээ ч тарни уншихаа байв. Миний тоглоом ч өндөрлөв. Гэтэл эмээ надад хандан "Миний хүү одоо дараагийн даваа гарж ирэхэд энэ аягатай сүүг цонхоороо өргөөд өгөөч" гэж надаас гуйв. Би ч шалтгааныг нь асуулгүй зөвшөөрч, дараагийн даваа харагдах үед Орос Пас автобусны жижигхэн цонхоор сүүг амьхандаа нямбайлан өргөв. Дотроо энэ эмээ надаар юу хийлгэж байгаа бол гэж их сонирхсон ч асуухийг хүссэнгүй. Харваас нүдэнд дулаахан эмээ байсан тул надад лав муу зүйл хийгээгүй байх гэж дотроо найдав.
Зам талдаа орж Хэнтий аймагт ирж цай уугаад цааш явах болов. Цайны газрын харалдаа унаа зогсон, зарим нь тамхи татан, зарим нь нутаг нэг хүнээ олж яриа өдөх зорилгоор "Дүү аль нутгийнх вэ, Ах хүү аль нутгийнх вэ" гэж хүн хүнээс очиж асууна. Харин Автобусны жолооч биерхүү том биетэй ах намайг зориж ирээд "Эмээ сүүгээ чамаар өргүүлэв үү" гэж асуув. Би нэлээд гайхан хэрэгт дурлаж, жолооч ахаас мэдэж байгаа бүгдийг нь яриулахаар шийдэв. Жолооч ах "Энэ эмээ миний мэдэхийн сүүлийн 5 жил сар бүрийн энэ өдөр автобусаар маань зорчдог байнгын зорчигч. Суух бүртээ л хажуудаа суусан хүнээр яг тэр давааруу өөрийнхөө ном уншсан сүүгээ цацуулдаг юм. Сураг сонсох нь хөгшинийх нь булш байдаг юм гэсэн" гэж нууцлагдмал эмээгийн товч түүхийг ярьж өгөв. Ингээд хүмүүс цайгаа ууж дуусмагц үлдсэн замдаа эргэн оров. Хөдлөөд удаагүй байхад би эмээгийн тухай сонирхолтой түүхийг сонсохоор шийдээд аягатай сүүний тухай асуун яриа өдөв. Харин эмээ хариуд юм дугарсангүй, намайг юм асуусан ч гэж тоосонгүй, царай нь илт хувираад автобусны голоор овоолсон цүнхнүүдийг дэрлээд зүйрмэглэж эхлэв. Сүүг нь цацаж өгсөний хариуд хээвнэг унтаад өгөхөөр нь бага зэрэг гомдон, сүүлдээ буруу зүйл асуусандаа өөрийгөө буруутгав.
Зам нэлээд явсаны эцэст эмээ өндийн ирээд "Тэр даваанд манай хөгшинийг нутаглуулсан юм аа. Эмээ нь ирж сүү өргөдөг заншилтай гэх үү дээ. Олон жил ч өнгөрлөө. Чадахынхаа хэрээр л хааяадаа тэтгэвэрээ буухаар замын зардал хийн нийтийн унаагаар явдаг юм. Хүүхдүүд заримдаа дургүйцнэ. Эцгийнх нь булшинд сүү өргөж, буян үйлдэж байгааг ойлгохгүй эмээг нь гомдооноо хүүхдүүд маань. Болохгүй бол тэтгэвэрээ авсан даруйдаа нууцаар гараад ирнэ дээ" гэж хүүхэд шиг инээгээд түр дуугаа хураав. Би ч сонирхолтой түүх түр завсарлахийг хүлээж тэсэлгүй "Өөд болсон хүний араас сүү өргөх сайн уу" гэж асуутал "Бодвол сайн биздээ, эмээ нь мэдэхгүй" гэв. Би залгуулан "Та лам байсан уу, таныг тарни уншиад байхаар тэгж бодсон юм" гэтэл хариуд минь эмээ инээгээд "Эмээгийн нь насан дээр эрхи баридаггүй хөгшин байдаг юм уу. Лам бишээ эмээ нь. Цөөн хэдэн тарнийг лам багш маань зааж өгсөн юм. Мундаг том лам багштай хүн дээ би. Харин юу ч сурж амжилгүй багшаа алдчихсан юм. Эмээгийнх нь хөгшин төрөл арилжаад нэг хэсэгтээ намайг амар байлгахгүй зүүдэнд үзэгдээд, заримдаа бүр өдөр ч үзэгдээд байдаг байлаа. Олон жил болсоны дараа лам багштайгаа уулзаж учираа хэлж ном тарни болж байж тогтоолгосон юм. Одоо ингэж сар бүр сүү өргөдөг нь номных нь хүчийг сарниулахгүй гэсэн л арга ядсан арга. Багшийн маань дайны лам одоо цагт ховор шүү дээ. Мундаг хүчтэй хүн байдаг л биз. Тэд нь манид олдохгүй, олдлоо ч тэтгэвэрийн эмгэнд хүртээлгүй биз дээ" гээд алгаа нийлүүлэн бурхандаа залбирав. Би "Одоо тэгээд хөгшин тань үзэгдэхээ байсан уу" гэж асуув. Эмээ цааш үргэлжүүлэн "Одоо зүгээрээ. Залуу цагт айдаг байсан бол одоо номыг нь мэдээд ирэхээр арай ондоо болсон. Нэг хүчтэй засал хийсэн юм эргэж сэдрэх нь ховор байдаг юм" гээд дахиад асуулт тавих вий гэж бэргэсэн аятай дахин цүнхээ дэрлээд зүйрмэглэж эхлэв. Дахиад асуух асуулт олон байсан ч хол замд настай хүн ядраа байлгүй гэж бодоод би дугарсангүй. Замын туршид эмээг сэрээд түүхээ үргэлжлүүлж яриасай гэж хүлээсэн ч очих газраа хүрэн намайг сэрээх хүртэл эмээ сэрсэнгүй. Автобусаар зорчсон бүх хүн буусан ч эмээ үлдлээ. Эмээ "Эмээ нь жолооч хүүгээс гуйгаад эндээ хоночихдог юм аа. За миний хүү гэж намайг нэрээр минь дуудаад шинэ ажилаа сайн хийгээрэй баяртай" гэв. Надаас юу ч асуугаагүй эмээ нэрийг минь, шинэ ажилд орсонг минь мэдсэнд их гайхан, эмээд хандан асуух гэснээ яагад ч юм бэ асуух зориг дутаад "Гадаа хүйтэн байна та автобусанд яаж хонох вэ, танидаг айлгүй бол надаас мөнгө аваад буудалд ч болохноо хоно" гээд мөнгө өгсөн ч "Эмээ нь авахгүй ээ" гээд буруу хараад хэвтээд өгөв. Өөр зүйл хэлсэн ч үл тоохийг мэдсэн тул эмээд "баяртай та сайн сууж байгаарай" гэж хэлээд би автобуснаас буусан юм.
Миний амьдралд тохиолдсон сонирхолтой түүх ингэж дууссан юм. Эргээд тэр эмээтэй уулзах болтугай.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: